ХУАЦЯО нарын хуурамч төрх
Раднасэдийн Даваадорж(эдийн засгийн ухааны боловсролын доктор)
1990 оны 6 сар. Эрхүүгийн политехникийн дээд сургуулийн төгсөх курсын оюутнууд дипломын ажлаа хамгаалах хариуцлагатай цаг үе байлаа. Олон жил суралцсаны эцэст ажлын гараагаа эхлүүлэх хариуцлагатай давааг давсан хүн бүр тэмдэглэдэг учиртай. Манай тэнхимийн “хурдан морины хоббитой”, сүрхий үндсэрхэг үзэлтэй ах “дипломын баяр” хийх боллоо. Идэж уух нь элбэг дэлбэг сүрхий бэлтгэсэн нь очсон бүхэнд анзаарагдам. Оюутнууд болсон хойно шөнөжин наргиж үүр цайлгасан санагдана. Зарим нь өндөрлөж, хэтрүүлсэн нэг нь ундуй сундуй хэвтэх үеэр сүрхий согтсон найрын эзэн хундаганы үг хэлэхээр найган босоод,
– Хятадын хүүхэд Оросын инженерийн диплом өвөрлөдөг юм байна хэмээн ихэд бахархалтай хэлэхэд би чихэндээ итгэсэнгүй, эргэн тойрноо тойруулж харвал анзаарч байгаа хүн ер алга. Хятадын эсрэг үзэлтэй орчинд өссөн миний архи хоромхон зуур гарч, эрүүл болж орхих нь тэр. Бага курсынхны хувьд үлгэр жишээ байсан ах хормын төдий огт танихгүй нэгэн болж хувирсан хэрэг.
——————————————————————————–
ХУАЦЯО-хилийн чанад дахь Хятад иргэн гэсэн утгатай үг. Харь улсад цагаачлан очсон хятад иргэд, тэдний үр удмыг ийн нэрлэнэ. Нийт 40 гаруй сая хуацяо бүртгэгдсэний дийлэнх нь Зүүн Өмнөд Ази, Америк, Европын орнуудад амьдардаг аж.
Хятадын худалдаачид манай он тооллын эхээр Энэтхэг, Хятадын арлын улсуудад нэвтэрч эхэлсэн тэмдэглэл бий. Харин XIX зуунд өлсгөлөн, ядуурлаас дүрвэн хэсэг бүлгээрээ Зүүн Өмнөд Ази болон бусад орнуудад цагаачилж эхэлжээ. Тэд очсон нутагтаа үйлдвэр уурхай, тариалангийн талбайд хамгийн хүнд хүчир ажлыг нугалж байсан хэдий ч, аажмаар худалдаа наймаа эрхлэх болсон юм. Өдгөө тэдний ур удмыг залгамжлагчдын дийлэнх нь баян чинээлэг, боловсролтой болоод зогсохгүй, амьдарч байгаа улсынхаа эдийн засагт тэргүүлэх байр сууриа баттай эзэлж чаджээ. “Азийн бар” гэгдэх улсуудын эдийн засагт хятад цагаачдын нөлөө маш их. Сингапурын улс төр, Малайз, Тайланд, Индонез, Филиппин, Мьянмарын эдийн засгийг “хятад цагаач”-гүйгээр төсөөлөхийн аргагүй.
Хятад хүний төрөлх араншин, ухамсар, сэтэхүй бусдаас асар өвөрмөц аж. Гадаад улсын иргэншил, таатай нөхцөл, харьд амьдарч байгаа олон жилийн хугацаа… зэрэг нь хятад цагаачдад нэг их чухал биш харин өвөг дээдсийнх нь гарал үүсэл дэндүү ач холбогдолтой. Тэд хэдэн үеийн турш хэл, соёл, гарал үүсэл, гэр бүлсэг найрсаг уламжлал, харилцаа холбоогоо хадгалж, хамтарч ажилласаар ирсэн. Америкт хятад гаралтай цагаачид хоёр гурав дахь үедээ хэл соёлоо хадгалж байхад, харин япон, солонгос, халимагууд хоёр дахь үеэсээ зөвхөн англи хэлтэй хоцордог гэж ярих юм билээ. Ийнхүү тэд очсон газар бүртээ төвлөрч нэгдсэн Chinatown байгуулахыг эрмэлздэг билээ. Цөөхүүлээ байсан ч ч нэгнээ дэмжиж тусална. Түүгээр зогсохгүй хэзээ нэгэн цагт эцэг өвгөдийн “их гэр бүл”-дээ нэгдэх боломжийг эрэлхийлнэ. Гэхдээ хоосон гуяа ганзгалаад очихыг бодохгүй. Тэдний энгийн боловч ийм зан чанар “дундад зууны үеийн тариачин Хятад”-ыг дэлхийн хэмжээний хүчирхэг гүрэн болгох нууц байсан юм.
БНХАУ гадаад бодлогоо хуацяо нараараа дамжуулан хэрэгжүүлэхийг чухалчилдаг аж. Учир нь тэд зөвхөн хятадын соёл, амьдралын хэв маягийг түгээгч төдийхөн биш, харин амьдарч байгаа орныхоо улс төр, эдийн засгийг атгасан байдаг. Сингапурын иргэдийн 77 хувь буюу 3.2 сая цагаач хятад, хүн амынх нь үндсэн хэсгийг бүрдүүлдэг. Мөн Малайзийн хүн амын 26 хувь /5.6 сая/, Мьянмарийн 3 хувь /1.25 сая/, Тайландын 14 хувь /8.6 сая/, Вьетнамын 3 хувь /2.36 сая/, Филиппиний 1.5 хувь /1.2 сая/ АНУ-ын 1,2 хувь/3.6 сая/ Канадын 3,9 хувь/1.4 сая/ нь цагаач хятадууд байх аж. Тэд Зүүн Өмнөд Азийн нийт хүн амын 6 хувийг эзлэх хэрнээ нийт эдийн засгийнх нь 70 хувийг хянадаг. Дэлхийн хамгийн баян 200 иргэний 16 нь хятад цагаач байна. Тэдний мэдэлд 1,5 их наяд ам.долларын хөрөнгө байгаа гэх баримт байдаг.
Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түлхүүр болсон гадаадын хөрөнгө оруулалтын гол эзэд хятад гаралтай цагаачид, бизнесмэнүүд аж. БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг тэд нар оруулсан гэх итгэмээргүй статистик байна. Мөн Хятадын эдийн засгийн салбар бүхэнд дэлхийн шилдэг технологийг цагаачид нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хурдацыг нэмэгдүүлж чадсан байдаг.
Өнөөгийн Хятад, Америкийн дараа эдийн засгаараа эрэмблэгдэж байна. Ойрын ирээдүйд тэргүүлэх зорилт тавиад хилийн чанадад тарж суурьшсан нутаг нэгтнүүддээ ихээхэн итгэл хүлээлгэж буй. Ер нь Хятадын эрх баригчид хуацяо нараа онцгойлон анхаарч, бусдаас давуу эрх олгож ирсэн байдаг. Тухайлбал, аж үйлдвэрлэлийн бүс нутаг байгуулахад газар олгох, татварын урамшуулал болон бусад олон хөнгөлөлт үзүүлдэг. Мөн 1985,1990,2002 онуудад Хятадын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, хоорондын маргааныг нь шийдвэрлэх тогтоол, журмыг батлах зэргээр хууль эрхзүйн хувьд хамгаалж иржээ.
Ийн харилцан өгөөжтэй бодлого “Нэгдмэл нэг хятад үндэстэн” гэх энгийн үндэслэлд суурилна. Хятад улс хүчирхэгжих тусам хуацяо нарын байр суурь, амьдарч буй нутагтаа улам бэхжих тул харилцан дэмжих “урвуу холбоо”-гоо ихэд нандигнаж шүтэх бөлгөө. Тийм болохоор хий хоосон яриа, улс төржилт гэхээсээ илүүтэй ажил хэрэгч байдлыг эрхэмлэнэ. Ийнхүү нэг үеийнхний амьдралын түүхэн богино хугацаанд Хятад улсын үндэсний орлогыг 16 дахин нэмэгдүүлж чадсаныг “эдийн засгийн гайхамшиг” хэмээн дэлхий дахинд шагшиж байгаа юм.
Өнөөдөр дэлхийн эдийн засгийг Хятадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. 2016 оны статистикийн тайланд БНХАУ дэлхийн улс орнуудын санхүүгийн бус салбарт 120 тэрбум, бүтээн байгуулалтын төсөлд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 2017 онд ч хөрөнгө оруулагчийн тэргүүлэгч байр сууриа хадгална.
Монголд хятадын хөрөнгө оруулалтаар зам, барилга, цахилгаан станц… гээд бишгүй бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Сайшаалтай. Гэхдээ нөгөө талаас нь харвал дээрх ажлыг “зөвхөн Хятад компани” гүйцэтгэх ёстой гэх шахалтыг өөрчлөх бараг боломжгүй. Хятадын компаниуд ашгаа хүртэж, нутагтаа ажилгүй байсан олон мянган хятад ажилчид цалин хөлсөө авчихаар зээлийн ихэнх нь буцаад “хил” давчихна. Харин хүүтэй зээлийг монголын татвар төлөгчдийн нуруун дээр жин дарж, хийх ажил олдохгүй байгаа монгол залуус “архичин…залхуу…” зэрэг хоч зүүсээр үлдэнэ.
Сингапурын их сургуулийн профессор Денни Рой “БНХАУ урт хугацааны турш өрсөлдөх чадвараа хадгалж, Азид ноёлох байр сууриа бэхжүүлэх замаар дэлхийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэхэд цагаачдын оруулсан хувь нэмэр асар их. Тэд гадаадын байгалийн баялгийг хямд төсрөөр нийлүүлэхэд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж байна. Харьд байгаа хэрнээ нэгэн амьд организм мэт төвлөрч соёл, заншлаа мартдаггүй хүмүүс бол хуацяо нар” хэмээн онцолжээ.
Монголын баялгийг цөлмөх өвөрмөц бодлого
Монгол улсад амьдарч байгаа хятад иргэдийн талаар статистик тоо баримт олох боломжгүй. Ойрадын Галдан бошготтой байлдах манжийн их цэрэг 1696 онд Халх Монголын нутагт цөмрөн орж ирэхэд “түүнийг дагалдан түрүүчийн хятад худалдаачид орж ирсэн” байдаг. Манжийн түрэмгийлэгчид Галдантай байлдах их цэргийнхээ хүнс хэрэглэлийг хангах зорилгоор хятад худалдаачдыг эд бараатай нь Монголд оруулж ирсэн бөгөөд тэдгээр худалдаачид мажийн цэргийг дагалдан явж амуу будаа зэрэг хүнсний зүйл худалдаж байв.
1919-1920 онд оросын эрдэмтэн И. М. Майский анх удаа Монголын хүн амын тоог орчин цагийн статистик аргаар боловсруулан гаргасан байдаг. Түүний тооцоогоор Монголд нийт 542504 монгол, 100 мянга орчим хятад, 5 мянга орчим орос иргэн амьдарч байсан. Бараг 6 хүн тутмын нэг нь хятад иргэн байж. Тэдний хэд нь нутаг буцсан, хэд нь Монголд үлдсэн нь тодорхойгүй. 1963,1966 онуудад тухайн үеийн НАХЯ, арми, цагдаа нарын нэгдсэн хүчээр олон мянган Хятад иргэдийг төмөр замын вокзал дээрээс бөөнөөр нь буцаах үеэр тэд эсэргүүцэн гартаа таарсан бүхнээр зэвсэглэн цус урсгасан зодоон өрнүүлсэн ч цэрэг, цагдаагийн хүчээр нутаг буцаасан гэдэг. Социализмын үед ажилд ороход 3 үеийн намтар авдаг байв. Үүнийгээ хятад хүмүүсийг төрийн чухал албанд оруулахаас сэргийлж буй хэрэг гэж тайлбарлаж байсан. Өдгөө байдал санаанд багтамгүй өөрчлөгджээ. Бүр тусгаар улсын төрийн эрх мэдлийг жолоодох хариуцлагатай сонгуульд урд зүгийн гэх “шошготой” хүмүүс цөөнгүй өрсөлдөх болжээ. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэдний гарал үүслийг илчилсэн мэдээлэл цацагдавч эцсийн дүнд нөлөөлдөггүй бололтой. Харин “гүтгүүлсэн” гэх тэдгээр нэр дэвшигчид олноороо сонгогдсон байдаг. Энэ нь монголчууд улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүрх сэтгэлээ зориулах хэнийг ч үндэс гарлаар нь адлаж, гадуурхаад байдаггүйтэй холбоотой биз. Өөр үндэстэнтэй холилдсон гэр бүлээс төрөөд монголын улс төр, урлаг, спортод “од” болон гялалзаж, ард түмэнд төрсөн үр нь мэт хайрлагдсан хүмүүс олон бий. Гэтэл монголчуудын өгсөн харамгүй итгэлийг даадаггүй, төрж өссөн нутагтаа “хүнийрхүү” хандах “нуугдмал зорилго”-той улс төрчид олширч байгааг онцолж буруушаахаас өөр арга алга. Эрх баригчдын “байхгүйгээ гүйцээх барагдашгүй тэчьяал шунал”-д нь дөрөөлөн хэрэгжүүлж буй “харь бодлогыг” анзаарч шүүмжлэх хүмүүс нэмэгдэж байна. Нэг хүнд оногдох байгалийн баялгаар дэлхийд тэргүүлэх орны иргэдийн амьдрал улам бүр доройтож байгааг төрийн алдаатай бодлоготой холбож үзэхээс өөр аргагүй. “Бусдаас зээл авч байгалийн баялгаа хуу хаман зөөх” төрийн бодлого гэж юу байхав. Харин эрх баригчид өөрсдийн үйлдлээ зөвтгөх түмэн арга чаргатай. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эрдэс баялгаа дэлхийн зах зээлийн ханшаар борлуулж, улс орондоо бүтээн байгуулалт хийх нь туйлын зөв. Гуравдагч орны хөрөнгө оруулалт Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд чухал гэдэгтэй ч маргахгүй. Гэвч Монголд үйл ажиллагаа явуулдаг гуравдагч орны компаниудын талаар таагүй мэдээ, мэдээлэл байнга цацагдах ажээ. Тухайлбал, Айвенхоу Майнз болон Рио Тинто компаний удирдлага Монголын эрх баригчдад авилгал өгч шударга бус гэрээ байгуулж амжсан юм байх. Ийнхүү үнэгүй шахам баялгаа цөлмүүлж байгаад нийтээрээ харамсч, нийтээрээ зэвүүцэх нь зүйн хэрэг. Харин иргэдийн энэ хандлагыг чадварлаг ашигладаг улс төрчид олширсон. Бүгдийг нь толгой дараалан УИХ-д сонгосон боловч байдал дээрдээгүй.
Францын “Арева” группын охин компани болох “Кожеговь” уран олборлох хайгуул хийх явцдаа төл мал олноор хордуулжээ. Жип хөлөглөсөн “эх орончид” очиж эх нутгаа хамгаалж тэмцэл эхлүүлсэн. Гэвч тэд гэнэт гарч ирсэн шигээ намжиж орхив. Хөшигний ард ямар тохиролцоо явагдаж, “тэмцэгчид” хаанаас санхүүжилт авч, ямар зорилготой байсныг нь мэдэх аргагүй.
Саяхан “Эрдэнэтийн 49 хувь”-ийн асуудлаар нийтийн анхаарлыг татсан үйл явдлууд ар араа даган өрнөв. Хохирох дөхсөн ард түмнийхээ өмчийг төр эргүүлэн авсан юм байх. Гэвч эцсийн үр дүн нь ард түмний амьдралд мэдрэгдэх нь юу л бол. Харин бүлэг улс төрчдийн өвөр түнтийх нь гарцаагүй. Хамгийн хачирхалтай нь ОХУ-ын “ашиг сонирхол” манай зах зээлээс шахагдан гарч байгаа “шалтгаан” хэний ч сонирхлыг татсангүй. Ийн хоорондоо маргаж, буруутнаа “үзэн ядаж” нийгмийн анхаарлыг сарниулах хооронд Монголын баялаг зөвхөн нэг улсын мэдэлд орсоор байгаа юм.
Канад, Франц, Орос… зэрэг гуравдагч орны цөөн хэдэн компаниуд муу муухайн үлгэр жишээ болсон. Гэтэл өвөг дээдсийн хойч үедээ өвлүүлж ирсэн баялгийг өөр хоорондоо өрсөлдөн зөөх Хятадын мянга мянган компаниуд Монголын хуулийг ягштал мөрдөж байгаа юм гэнэ. Энэ бүхний цаана БАЯЛГИЙГ ЦӨЛМӨХ сайтар бодож төлөвлөсөн харь БОДЛОГО нуугдаж, нийт иргэдийн “тархийг угааж” байгаа хэрэг.
Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэжээ. Гэвч энэ заалт гадныханд “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхэд” саад болдоггүй. Учир нь манай гишүүд тулгуур хуулиа хүчгүйдүүлсэн “маапаантай” хууль, тогтоомж хэдэн арваар нь үйлдвэрлэж амжсан.
Бидний хүндэлдэг улс төрч эсвэл бизнесмэн “Би Хятадын иргэншил авахаар шийдлээ, манай өвөө хятад”, “Миний эмээ урд зүгийн хүн болохоор би яах аргагүй хятад хүн” гэж мэдэгдвэл гайхах хэрэггүй. Одоохондоо нөхөн үл сэргээгдэх байгалийн асар их баялаг барагдаагүй болохоор ил гарч сэтгэлээ илчлэх цаг хараахан болоогүй. Тэднийг төрийн эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэж байгаа хүмүүсийн дундаас олоход туйлын хялбар болжээ.via Copy
2017 оны 4-р сарын 14. Улаанбаатар хот.






